Н.БАГАБАНДИ
Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл. “Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий.Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм.
Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм.
Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм.
Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх.
Та нарын хэрэглэж байгаа интернэт хэмээх их хаант улс дэлхийг бүрхэн эзэгнээгүй гэж үү? Та нарын сонирхон үзэж байгаа киног ертөнцийн өнцөг булан бүрт үе тэнгийнхэн чинь амтархан үзэж суугаа. Энэ бүхнийг тануусын нэгэн адил усан нүдтэй, цусан зүрхтэй төрсөн хүн бүтээж, дэлхийг эзэгнэн мандаж байна. Та нарын сонсох дуртай хамтлаг, дуучдыг орон орны залуус шимтэн сонсож байгаа. Тэд хүн төрөлхтний оюун санааг эзэмдэн, байлдан дагуулж од болон гялалзаж байна. Эд цөм залуу насандаа од болсон шүү дээ. Та нар ч тэдний нэгэн адил их үйлсийг бүтээн цогцлуулж чадна. Энэ бидний хувьд санашгүй санаа, гэтэлшгүй даваа, тэдний явдаг харгуй тусдаа гэж бодож яваа бол туйлын буруу. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсорч, зорьсондоо хүрэхийн нэр. Аугаа зүйлд аугаа эрч хүчээр л хүрнэ. Тэр эрч хүч та нарт байгаа. Одоо харин дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашиглах хэрэгтэй.
Хүний дур зорго гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө замыг зааж залж явдаг шидэт зүйл бий. Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Ялангуяа залуу хүний дур зорго ёстой л дөрвөн зүг найман зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй. Дур зорго нь хүн өөрөө хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршдаа төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх. Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал. Зугаа цэнгэл хийгээд тачаал хөөхөөр зүглэж чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж, оюун ухаан нь түүний боолын боол, босгоны шороо болон дарлагдах аюултай.
Атаа жөтөө, шунал тачаал, мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү тариал. “Муу үр хурдан соёолдог” юм. Муу үр нэгэнт соёолсон бол түүнийг дарж авахад бэрх болно. Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой. “Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй”. Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ёстой. Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлж, оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.
Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ. Бүх хэрэгцээг чинь бэлэн зэлэн бэлдээд, цэцэг барин тосч байдаг амьдралын зам хаа нэгтээ бий гэж хууртан андуурав. Тийм өөгүй тэгш, галт тэрэгний зам шиг гажих займчих чөлөөгүй зам өдий хүртэл хэнд ч заяагаагүй. Ийм замыг аль нэгэн ачтан засан өгч, хөтлөн аваачна гэж амаа ангайн, гараа тосон хүлээвэл холын зэрэглээг голын ус гэж андууран хөөсөөр цангаж үхдэг гөрөөсний гунигт хувь заяанаас өөрцгүй тавилан чамайг хүлээнэ. Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм. Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бол. Ингэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй. Толгодын цаана зовлон отож, инээдэн цаана нулимс нуугдаж, цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран, хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд нь бэлэн байгтун.
Хямдхан амьдрал энэ орчлонгийн хаана ч байхгүй. “Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн” байдгийг мэдээрэй. Байхгүй юмыг хайна гэдэг ухаангүй хэрэг. Харин “олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах” нь ухаантай хүний үйлдэл.
Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. “Аймхай хулчгар хүн гамшигт унадаг” гэж сударт өгүүлсэн байдаг бол Оросын цэргийн алдарт жанжин Суворов “Зориг зүрхгүй хүн заавал ялагддаг” гэх үгийг үргэлж хэлдэг байж. Аймхай хулчгар, эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. “Зориг байгаа газар зам нээгддэг”. Их эртний энэ зүйр үг эргэлзээгүй үнэн билээ. Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж, туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг. Би заавал чадна гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ тээж яваа хүний хийхээр зорьсон арван зорилгын найм, ес нь лав биелнэ байх аа. Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.
Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай. Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна. Ямар ч орчин нөхцөлд авхаалж мэдрэмжтэй зохирч зохицож сур. Яг л сүү шиг. Сүүг аяганд хийвэл аяганы хэлбэрт орно. Бортгонд хийвэл тэр хэлбэрт очно. Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун. Чиний явах замын зургийг хэн ч бэлдээгүй. Чи өөрөө зурж, өөрийн мөрийг үлдээж явна. Зөв замаа олохын тулд чи олон удаа буруу хаалга тогшиж мэднэ. Энэ бүхэндээ гуниж гутрах хэрэггүй. Зөв замаа бүтээж чадна гэдэг итгэлээ л хэзээ ч хаяж, гээж болохгүй. Өөрөө замаа олоогүй байж бусдад замчлах гэж бүү мунгина.
Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй. Залхуу залхагийн муу зуршилд идэгдэж, залхуу хойргод уусаж, үүлгэртэж амьдрах нь орчин цагийн залуу хүн чиний амьдралын зам байж яавч болохгүй гэдгийг бодогтун. Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж. Гэхдээ хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. “Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих”.
Амьдралынхаа гэрэлт замыг чи өөрөө бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй бай. Танд амжилт хүсье!
No comments:
Post a Comment