2011/10/17

Байгалийн ухааны салбарын “Хүрэлтогоотын семинар 2011” эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө

БСШУЯ, ШУТС, ШУА, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Технологи Инкубаторын Төв хамтран залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал нь залуу судлаачид мэдлэг мэдээллээ солилцох, бүтээлийг нь олон нийтэд таниулах, цаашлаад үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг нээх зорилготойгоор зохион байгуулагддаг.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоотын семинар”-ын салхийг хагалж Байгалийн Ухааны салбарын хуралдаан 2011 оны 10-р сарын 7-ны өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвд амжилттай болж өнгөрлөө.

Хурлын нээлтэнд БСШУЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, БСШУЯ-ы Шинжлэх ухаан технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухаан Технологийн сангийн дарга Т.Ган-Эрдэнэ, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Усны газрын дэд дарга З.Батбаяр, БУСЗЭХ-ны Зөвлөх С.Дэмбэрэл, Технологийн Инкубаторын захирал Ч.Батсүх, МЗЭХ-ны ерөнхийлагч болон удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Жил ирэх тусам цар хүрээ, ач холбогдол нь нэмэгдэж буй тус хуралд шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахуйц, онол болон практикийн ач холбогдол өндөр, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой судалгааны ажил, бүтээлүүд тавигддаг бөгөөд энэ удаагийн байгалийн ухааны салбарын хуралд нийт 13 эрдэм шинжилгээний илтгэл тавигдсанаас:

1р байрт ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Мөнхгэрэл “Agaricus silvaticus Schaeff ex. Secr мөөгний интерферон төст идэвхийн болон химийн судалгааны дүнгээс” сэдэвт судалгааны ажлаараа шалгарч, БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгний грантыг авах эрхтэй болсон бол 2-р байрыг Японы Иокохама Их Сургуулийн докторант Н.Жавхлантөгс “Antimicrobial mechanism of bovine lactoferrampin in mimetic bacterial membrane”, тусгай байрыг ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа “Density functional theory study of hydrogen storage in Al11Cu cluster” сэдэвт илтгэлүүдээр тус тус эзэллээ.

Хурлын дараах нэгдсэн хэлэлцүүлгээр хуралд оролцогчдоос тус хурлын зохион байгуулалт, тавигдаж буй илтгэлүүдийн ач холбогдол, үр дүн, илтгэлийн эмхэтгэлийн чанар, формат зэргийн талаар үнэтэй санал зөвлөмж, шүүмж өгсөн ба МЗЭХ-ны удирдлагаас холбооны зорилго, зорилтууд, ойрын хугацаанд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж цаашид хамтран ажиллах тухай санал солилцож, залуу судлаач эрдэмтдийнхээ гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.