2010/04/07

ТУРК БА ЛАОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ТУРК БА ЛАОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улс ба Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Засгийн газар хоорондын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн дагуу БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 29 бакалавр /инженер (8), технологи (5), байгалийн ухаан (3), анагаах ухаан (5), эдийн засаг (4), эрх зүй (2), олон улсын харилцаа (2)/, 8 магистрант /техникийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр/, мөн соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 15 оюутан /инженер (5), технологи (5), байгалийн ухаан (5)/, 8 магистрант /техникийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр/-ыг тус тус сургана.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Боловсролын яам хооронд байгуулсан Оюутан солилцох тухай протоколын дагуу БНАЛАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 8 бакалавр /инженер (3), хөдөө аж ахуй (3), бизнес удирдлага (2)/-ыг тус тус сургана.


Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй (сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй), 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан материалыг авч ирж 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх болон Бакалаврын диплом, түүний дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хувь; Ажил байдлын тодорхойлолт /эх хувь/; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Шалгаруулалтыг англи хэл болон мэргэжлийн шалгалтын дүнгээр шийдвэрлэнэ. Шалгалтуудыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Бүх шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авч, шалгалтын дүнг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана. Шалгалтын босго оноог давсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна. Мэргэжлийн шалгалтыг “математик”-ийн хичээлийн тестээр 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана.

Эцсийн сонгон шалгаруулалтыг 2 шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хүмүүсээр суралцах мэргэжлийг сонгуулах замаар хуваарилна. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргана. Шийдвэр хүлээн авсан хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана.

No comments: