2008/11/13

Hureltogootiin seminar 2008



Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны
“Хүрэлтогоотын семинар-2008” Эрдэм Шинжилгээний Бага Хурал

БСШУЯ, ШУА, ШУТС, МЗЭХ, БУСЗЭХ-оос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэлтогоотын семинар-2008” Эрдам Шинжилгээний Бага Хурал дөрөв дэхь жилдээ амжилттай зохион явагдаж өндрөллөө.
Энэ хурлын зорилго нь залуу судлаачид мэдлэг мэдээллээ солилцох, тэдний хийж буй ажлыг олон нийтэд таниулах болон цаашлаад уг бүтээлийг нь үйлдвэр, практикт нэвтрүүлэх боломжийг эрж хайх явдал юм.
Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийин Холбооны гүйцэтгэх захирал Л. Энхсүх хуралд оролцогч залуу судлаачиддаа амжилт хүсээд хурлыг нээж үг хэлсэн.
Хурлын хүндэт зочидоор Монгол Улсын Цөмийн Энергийн Комиссын дэд дарга, Технологи Дамжуулах Төвийн Захирал, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхий зөвлөх, Доктор (Sc.D) С. Энхбат, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны гүйцэтгэх захирал, Доктор (Ph.D) Д. Одгэрэл, Анагаах Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Н. Эрдэмбилэг нар хүрэлцэн ирж өөрийн санаа бодол, хурлын цар хүрээ, ач холбогдолын талаар залуу судлаачдад үнэтэй зөвөлгөө өгсөн юм.
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг шүүн явуулсан шүүгчидийн бүрэлдэхүүнд Монгол улсын урдаа барьдаг шилдэг эрдэмтэд болох ХХТХ-ийн захирал, Шинжлэх Ухааны Доктор (Sc.D) Б. Пүрэвсүрэн, ФТХ-ийн захирал, Шинжлэх Ухааны Доктор (Sc.D) Д. Сангаа, МУИС-ийн Биологийн Факультетийн Биофизикийн Тэнхимийн багш, Доктор (Ph.D) П. Энхбаяр, Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн ЭША, Доктор (Ph.D) Н. Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр хурлын явцад бүтээлүүдийг шүүн хэлэлцлээ.
Тус хуралд Хими, Хими-Технологийн Хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Одон Орон Геофизикийн Судалгааны Төв, Биологийн Хүрээлэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монос Дээд Сургууль, АПУ гэх мэт 20 гаруй байгууллагын шилдэг 40 орчим бүтээл оролцсон.
Үүнээс 16 аман илтгэл, 22 ханын илтгэл тус тус оролцсоноос Физик Технологийн Хүрээлэнгийн залуу эрдэм шинжилгээний ажилтан М. Довчиванчиг “A study of nanostructured membrane electrode assembly for pem fuel cell” бүтээлээр, Хими-Технологийн Хүрээлэнгийн залуу эрдэм шинжилгээний ажилтан Ж. Жаргалмаа “Isolation and characterization of phosphopeptides in pancreatic digests of bovine casein” бүтээлээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын Нэрэмжит Грантад тус тус нэр дэвшлээ. Мөн шилдэг ханын илтгэлээр Монгол Улсын Их Сургуулийн Залуу ЭША Э. Цэцэгмаа “Screening of some Mongolian medicinal plants for anti-lipase activity” бүтээлээрээ шалгарлаа.
“Хүрэлтогоотын семинар-2008” Эрдам Шинжилгээний Бага Хуралд энэ жил урьд жилүүдийнхээс оролцогч байгууллага, судлаачдын тоо, тэдгээрийн бүтээлийн чанар өндөр түвшинд хүрсэн нь танилцуулсан илтгэлүүдээс харагдаж байлаа.
Бага хурлын төгсгөлд залуу эрдэмтэн, судлаачидад хандаж БУСЗЭХ-ны гүйцэтгэх захирал Л. Энхсүх болон удирдах зөвлөлийн гишүүд, холбооныхоо үйл ажиллагаа, зорилго, ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцолоо.