2008/11/13

Гишүүн элсүүлэх журам

Байгалийн Ухааны Салбарын Залуу
Эрдэмтдийн Холбооны 2008-10-07ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав


БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН
ХОЛБООНД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо /цаашид Холбоо гэх/-ны гишүүн элсүүлэх журмын зорилго нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон БУСЗЭХолбооны дүрэм-ийн хүрээнд гишүүн элсүүлэх, гишүүд болон Холбооны хоорондын харилцааг зохицуулахад оршино.

1.2. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Удирдах зөвлөлийн Хүний нөөцийн алба эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэнэ.

1.3. Холбооны нийт гишүүд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Гишүүнчлэлийн төрөл

2.1. Гишүүн нь хүндэт гишүүн, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүн гэсэн гурван ангиллын аль нэгэнд харъяалагдана.

2.2. Хүндэт гишүүн
2.2.1. Холбооноос хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн хүмүүсийг хүндэт гишүүн гэнэ.
2.2.2. Хүндэт гишүүн нь татвар төлөхгүй.

2.3. Жинхэнэ гишүүн
2.3.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, түүний үйл ажиллагаанд оролцож, татвараа зохих журмын дагуу төлдөг 35 хүртэлх насны иргэн, хуулийн этгээдийг жинхэнэ гишүүн гэнэ.
2.3.2. Жинхэнэ гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд идэвх зүтгэл, санаачлагатай оролцоно.
2.3.3. Жинхэнэ гишүүн нь өөрийн эрх, эрх үүргийг мэддэг, хамгаалдаг, хүлээсэн үүргээ биелүүлдэг, нийгэмд эзлэх байр сууриа зөв мэдрэн өөрийгөө хөгжүүлж, бусдад үлгэр жишээч байна.
2.3.4. Холбооны жинхэнэ гишүүний үйл ажиллагааг хамтдаа хийсэн тэмцэл, идэвхтэй оролцоо, хүрсэн бодит үр дүнгээр хэмжинэ.
2.3.5. Жинхэнэ гишүүд Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхгүйгээр оролцож болно.

2.4. Дэмжигч гишүүн.
2.4.1. Холбооны үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрээр туслалцаа үзүүлж байгаа иргэд, хуулийн этгээдийг дэмжигч гишүүн гэнэ.
2.4.2. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн хүн бүр Холбооны дэмжигч гишүүн байж болно.
2.4.3. Дэмжигч гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
2.4.4. Дэмжигч гишүүн нь татвар төлөхгүй.
2.4.5. Дэмжигч гишүүн нь сайн дураараа төсөл санаачлах үйл ажиллагаанд оролцож болно.
Гурав. Гишүүн элсүүлэх

3.1. Холбоо нь зөвлөгөө туслалцаа хүссэн хэн бүхэнд дэмжлэг үзүүлж чаддаг, хамт олныг бүрдүүлэх, үнэ цэнэтэй мэдлэгийг түгээх зэрэг хамтын ажиллагааг төлөвшүүлж чаддаг, дээрх үйл ажиллагаанд өөрөө оролцох хүсэл тэмүүлэлтэй хэнд ч нээлттэй байна.

3.2. Холбоо нь шинээр гишүүн элсүүлэхдээ тэгш эрхт байдлыг эрхэмлэх ба арьс өнгө, нас, хүйс, тахир дутуу байдал, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор нь иргэдийг ялгаварлан гадуурхахгүй.

3.3. Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн иргэн дараах бичиг баримт бүрдүүлнэ.
3.3.1. Хүсэлт гаргасан хувийн өргөдөл
3.3.2. Гишүүний анкет /Хавсралт 1/
3.3.3. 2 хувь зураг цээж зураг /3х4/

3.4. Холбоонд шинээр гишүүнээр элсэхийг хүсэгчид нь гишүүний анкетыг үнэн зөв бөглөх үүрэгтэй.

3.5. Гишүүнээр элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг Хүний нөөцийн алба судалж, Удирдах зөвлөлд танилцуулан, асуудлыг шийдвэрлэнэ.

3.6. Холбоонд шинээр элссэн гишүүнд элссэн өдрөөс үнэмлэх олгоно.

3.7. Шинээр элссэн гишүүнд хүний нөөцийн асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн Холбооны дүрэм, гишүүний эрх, үүрэг зэргийг танилцуулж судлуулна.

3.8. Холбооны гишүүний өөр байгууллагад нэгдэн орох эрх нээлттэй байна.

-оо0оо-

No comments: