Байгалийн Ухааны Салбарын Залуу
Эрдэмтдийн Холбооны 2008-09-16ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН
ХОЛБООНЫ ДҮРЭМ
ХОЛБООНЫ ДҮРЭМ
Нэгдүгээр бүлэг. Ерөнхий зүйл
1. 1 дүгээр зүйл. Дүрмийн зорилго
1.1.1. Энэхүү дүрэм нь Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо /цаашид “Холбоо” гэнэ/-ны бүрэн эрх, үйл ажиллагааны чиглэл, түүний тогтолцоо, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, холбоо болон гишүүд, бусад этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
1.2 дугаар зүйл. Холбооны тухай ойлголт
1.2.1. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн холбоо нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны салбар холбоо мөн.
1.2.2. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн холбоо нь Монгол Улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны дүрэм болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог залуу эрдэмтэн судлаач, багш, оюутан, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
1.2.3. Холбоо нь Монгол улсын хууль, тогтоомжийн хүрээнд гэрээ, хэлцэл хийх, гадаад харилцааг бие даан явуулах, залуу эрдэмтэн судлаач, холбооны гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэднийг бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй.
1.2.4. Холбооны албан ёсны нэрийг “Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо гэх ба товчлол нь БУСЗЭХ байна.
1.2.5. Холбоо нь “Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 54б. Улаанбаатар-51, Монгол улс. Хими, хими технологийн хүрээлэн I-209 тоот” гэсэн хаягтай байна.
Факс: 976-11-453133 Е-mail: sec.amys.ns@gmail.com
1.2.6. Холбооны албан ёсоор үүсгэн байгуулагдсан өдрийг 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тооцно.
1.2.7. Холбоо нь өөрийн бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, далбаа, харилцах данстай байна.
1.2.8. Холбоо нь гадаадад болон орон нутагт өөрийн салбартай байж болно.
1.2.9. Холбоо нь удирдах дээд байгууллагаа сонгох болон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шударга, ил тод, ардчилсан зарчмыг баримтлана.
1. 3 дугаар зүйл. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл
1.3.1. Холбооны эрхэм зорилго нь “Шинжлэх ухааныг бодитойгоор хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих, бэлтгэх, Монгол Улсын хөгжилд оруулах залуу эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх”-д оршино.
1.3.2. Холбоо нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
Судлаач, эрдэмтэн залуучуудын ажлыг дэмжин, туршлага солилцуулах, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, сургалт-семинар, тэмцээн уралдааныг зохион байгуулах
Холбооны гишүүдийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн дотоод, гадаад оронд сурч ажиллахад дэмжлэг үзүүлэх
Үйл ажиллагааныхаа чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, хувь хүмүүстэй үндэсний болон олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, тэднээс санхүүгийн болон мэдээлэл, мэргэжлийн туслалцаа, дэмжлэг, хандив, тусламж авах
Орон нутагт Холбооны салбаруудыг байгуулж, тэдгээрийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай үед зохих журмыг үндэслэн дэмжлэг үзүүлэх
Шилдэг судлаач, залуу эрдэмтэн, холбооны гишүүдийн амжилт, авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн өөрийн холбооны шагналаар шагнах, төр засаг болон бусад байгууллагын шагналд нэр дэвшүүлэн тодорхойлох
Холбооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
Холбоог хөгжүүлэхтэй холбогдолтой төрөл бүрийн төсөл санаачлах болон дэмжин хэрэгжүүлэх
Хоёрдугаар бүлэг. Гишүүнчлэл
2. 1 дүгээр зүйл. Холбооны гишүүнчлэл
2.1.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч түүний үйл ажиллагаанд оролцож, татвараа зохих журмын дагуу төлдөг иргэн, хуулийн этгээдийг Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүн гэнэ.
2.1.2. Гишүүн нь хүндэт гишүүн, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүн гэсэн гурван ангиллын аль нэгэнд харъяалагдана.
2.1.3. Холбооны гишүүнийг Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу элсүүлнэ.
2. 2 дугаар зүйл. Гишүүний эрх
2.2.1. Холбооны удирдлагад сонгох, сонгогдох.
2.2.2. Холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал, шүүмжлэл гаргах, хариулт авах
2.2.3. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох
2.2.4. Шаардлагатай гэж үзвэл зохих үндэслэлийг Удирдах зөвлөлд гаргаж, Их хурал хуралдуулахыг шаардах
2.2.5. Шагнал урамшил хүртэх
2.2.6. Өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзах
2.2.7. Хууль, дүрэмд заасан бусад эрх
2. 3 дугаар зүйл. Гишүүний үүрэг
2.3.1. Холбооны дүрэм, журам, заавар болон хамтын шийдвэрийг дагаж мөрдөх
2.3.2. Холбооны бодлого, үйл ажиллагааг нийтэд сурталчлах, нэр хүндийг хамгаалах
2.3.3. Холбоог үйл ажиллагаагаараа болон санхүүгийн талаар дэмжих
2.3.4. Гишүүний татварыг тогтоосон журмын дагуу хугацаанд нь төлөх
2.3.5. Холбооны үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох
2.3.6. Хууль, дүрэмд заасан бусад үүргүүд
Гуравдугаар бүлэг
Холбооны бүтэц, зохион байгуулалт, удирдлага
3.1 дугаар зүйл. Зохион байгуулалтын бүтэц
3.1.1. Холбооны зохион байгуулалтын бүтэц нь Их хурал, Тэргүүн, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөл, Ажлын албадууд байна.
3.2 дүгээр зүйл. Холбооны их хурал
3.2.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал байна.
3.2.2. Ээлжит Их хурлыг жилд нэг удаа зарлан хуралдуулна.
3.2.3. Их хурлын төлөөлөгчөөр Холбооны жинхэнэ гишүүд сонгох, сонгогдох бүрэн эрхтэй.
3.2.4. Хуралд урилгаар төлөөлөгчид оролцож болно.
3.2.5. Сонгогдсон төлөөлөгчдийн дийлэнх олонхийн бүрэлдхүүнтэйгээр Холбооны их хурал хуралдаж шийдвэр гаргана. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.2.6. Холбооны Их хурлаар хэлэлцэх асуудал нь дараах хүрээнд багтана. Үүнд:
• Холбооны сонгуульт хугацаанд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс хийж гүйцэтгэсэн ажлын тайлан илтгэлийг хэлэлцэж, ээлжит зорилтыг тодорхойлох
• Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, батлах
• Холбооны Тэргүүнийг сонгох, чөлөөлөх
• Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгож, байгуулах
• Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
• Гишүүдийн татварын хэмжээг батлах
• Цаг үеийн бусад асуудлууд
3.2.7. Их хурлын дэгийг Их хурал өөрөө тогтооно.
3.2.8. Их хурал тодорхой асуудлаар бүрэн эрхээ Удирдах зөвлөлд шилжүүлж болно.
3.2.9. Их хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоол нь Хурлын дарга, Тэргүүлэгчид гарын үсэг зурснаар баталгаажна.
3.3 дугаар зүйл. Холбооны Тэргүүн
3.3.1. Тэргүүн нь бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдагч бөгөөд Холбоог албан ёсоор дотоод, гадаадад төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах болон хууль тогтоомжинд заасан бусад бүрэн эрхийг эдэлнэ.
3.3.2. Тэргүүнийг Холбооны Их хурлаар сонгох ба Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос батламжилна.
3.3.3. Холбооны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь нэг жил байх ба улиран сонгогдож болно.
3.3.4. Тэргүүн нь Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, аль нэг гишүүнд тодорхой хугацаанд, тодорхой асуудлаар Холбоог төлөөлөх эрхийг бичгээр итгэмжлэн олгож болно.
3.3.5. Тэргүүн нь Удирдах зөвлөлийн хурлыг Гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга нартай хамтран зохион байгуулах бэлтгэл ажлыг хариуцаж, хурлыг зарлан хуралдуулна.
3.3.6. Удирдах зөвлөлийн хурлыг даргалж санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана.
3.3.7. Тэргүүн нь Удирдах зөвлөлийн ажлын албадууд, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлтэй гэрээ байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.
3.3.8. Удирдах зөвлөлийн хурлын тогтоолд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
3.3.9. Тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Тэргүүнийг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
3. 4 дүгээр зүйл. Гүйцэтгэх захирал
3.4.1. Гүйцэтгэх захирлыг Холбооны Тэргүүний санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нэг жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар томилно.
3.4.2. Холбооны Тэргүүний эзгүйд түүнийг орлон ажиллана.
3.4.3. Удирдах зөвлөлийн Ажлын албадыг байгуулж ахлагчдыг томилно.
3.4.4. Холбооны нэгдсэн төлөвлөгөө болон Удирдах зөвлөлийн ажлын албадуудын үйл ажиллагааны журам, жилийн ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
3.4.5. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн, гүйцэтгэлийн үлгэр жишээ үзүүлэн ажиллана.
3.5 дугаар зүйл. Удирдах зөвлөл
3.5.1. Удирдах зөвлөл нь Холбоог бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
3.5.2. Удирдах зөвлөлийн гишүүний тоо есөөс доошгүй сондгой тоотой байна.
3.5.3. Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр нэг жилийн хугацаатай сонгогдох ба улиран сонгогдож болно.
3.5.4. Удирдах зөвлөлийн санал болгосноор шинэ гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар олонхийн саналаар батлан сонгоно.
3.5.5. Удирдах зөвлөл дараахи ажил үүргийг гүйцэтгэнэ.
Байгууллагын зорилго зорилтуудыг тодорхойлох
Стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх
Байгууллагыг бодлогын манлайллаар хангах
Гүйцэтгэх захирлыг батлах
Тэргүүн, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дэмжин туслах
Санхүүгийн бодлогыг боловсруулах
Байгууллагыг олон нийт, засгийн газартай холбох
Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах
Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
Холбооны гишүүдээс шаардсан хууль ёсны шаардлагуудыг хэрэгжүүлэх
3.5.6. Удирдах зөвлөлийн хурал
Хурлын эрх хэмжээ: Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
Хурлын төрөл: Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна. Ээлжит бус хурлыг Тэргүүн эсвэл Гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу Удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 14 хоногт нэг удаа хуралдуулна. Хурлыг хаалттай хуралдуулж болно.
Хурлын тов ба хэлэлцэх асуудал: Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг нарийн бичгийн дарга холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос 3-5 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
Хурлын ирц: Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
Хурлын шийдвэр:Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч хурал даргалагч /Тэргүүн, Гүйцэтгэх захирал/ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагч /Тэргүүн, Гүйцэтгэх захирал/ эцсийн шийдвэрийг гаргана.
Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл: Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
3.5.7. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг: Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад Тэргүүн, Гүйцэтгэх захиралд туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг Гүйцэтгэх захирал томилно. Холбооны дүрэм, удирдлагын бодлого чиглэл, удирдамж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр удирдлагыг хангаж ажиллана.
3.5.8. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа албадуудаар хэрэгжих ба гишүүд дараах албадуудад хуваагдан ажиллана.
Хүний нөөцийн алба
Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах алба
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Бусад албад. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад албадуудыг байгуулж болно.
3.5.9. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
Чөлөөлөх журам: Удирдах зөвлөлийн гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ Удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
Татгалзуулах журам: Ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд удирдах идэвх сул Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүнийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
Татгалзуулах шалтгаан: Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү шалтгаангүйгээр тасалсан, Холбооны үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.
3.6 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
3.6.1. Хяналтын зөвлөл нь Холбооны дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.
3.6.2. Хяналтын зөвлөл тэгш эрхтэй 5 гишүүнээс бүрдэх ба Холбооны их хурлаас нэг жилийн хугацаатай сонгогдоно.
3.6.3. Хяналтын зөвлөлийн гишүүн нь Удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.
3.6.4. Хяналтын зөвлөлийн гишүүн Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох, шийдвэрүүдтэй нь танилцах, дансыг шалгах, санхүүгийн холбогдолтой мэдээлэл гаргуулж авах эрхтэй.
3.6.5. Холбооны дүрэм зөрчигдсөн тухай Хяналтын зөвлөлийн аливаа шийдвэрийг бичгээр гаргана.
3.6.6. Хяналтын зөвлөл нь шийдвэрийнхээ тухай Холбооны Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавих буюу мэдэгдэл, мэдээлэл хийх эрхтэй.
Дөрөвдүгээр бүлэг. Холбооны хөрөнгө, санхүү
4.1 дүгээр зүйл. Холбооны санхүүгийн эх үүсвэр
4.1.1. Холбоо нь дараахи орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна
Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого
Гишүүдийн татвар
Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого
Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж
Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд
Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд
Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр
4.1.2. Хөрөнгө зарцуулах зарчим: Холбоо нь олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
4.1.3. Ашиг үл хуваарилах: Холбоо нь Төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
4.1.4. Хувийн ашиг үл олох: Холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүдийн хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.1.5. Санхүүгийн хяналт: Холбооны санхүүгийн үйл ажиллагааг Хяналтын зөвлөл хянаж, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана.
4.1.6. Холбоо нь өөрийн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн.
4.2 дугаар зүйл. Холбооны хөрөнгө
4.2.1. Холбооны хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:
Холбооны нэр, бэлгэдэл, тамга тэмдэг, далбаа
Холбооны архив
Холбооны биет болон биет бус хөрөнгө
Өмчлөлийн бусад зүйлс
Тавдугаар бүлэг
Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
5.1 дүгээр зүйл. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
5.1.1. Өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр: Холбоо нь эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл Их Хурлын шийдвэрээр Холбоог нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
5.1.2. Үлдсэн эд хөрөнгийг үл хуваах: Холбоо нь татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
5.1.3. Үлдсэн эд хөрөнгийн зориулалт: Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
Зургаадугаар бүлэг. Бусад зүйл
6.1 дүгээр зүйл. Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
6.1.1. Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Удирдах зөвлөл боловсруулж, Удирдах зөвлөлийн хурлаар батласнаар хүчин төгөлдөр болно.
6.1.2. Нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх: Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль Зүйн Яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг Гүйцэтгэх захирал хариуцна
6.2 дугаар зүйл. Тайлан
6.2.1. Холбоо нь үйл ажиллагааныхаа тайланг хуулийн тогтоосон хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, санхүүгийн тайланг тухайн харьяаллын татварын албанд гаргаж өгнө.
6.2.2. Тухайн жилд холбоонд өгсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнахдаа тэдгээртэй байгуулсан гэрээгээр зохицуулна.
6.3 дугаар зүйл. Баталгаажуулах
6.3.1. Энэхүү Дүрэм нь Удирдах Зөвлөлөөр батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
-оо0оо-
No comments:
Post a Comment