2009/01/20

Төрийн бус байгууллагуудын нийгэм сэтгэл зүйн дүр зураг

Сайн байцгаана уу? Залуусаа!

Шинэ он гараад анхныхаа бичлэгийг оруулж байгаадаа баяртай байнаа. Энэ удаад та бүхэндээ Монголын социологи, нийгмийн сэтгэл зүйч залуучуудын "АСЛИС" холбооны тэргүүн Ц. Заяхүүгийн Монголын төрийн бус байгууллагуудын гишүүдийн нийгэм сэтгэл зүйн дүр зураг гэсэн нийтлэлийг хүргэх гэж байна. Төрийн бус байгууллагын гишүүн, залуучууд та бүхэнд уншууштай нийтлэл
санагдлаа. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаана бизээ. За амжилт хүсье!


МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮДИЙН

НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ДҮР ЗУРАГ



Монгол Улс шинэ Үндсэн хуулиндаа "…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно… " хэмээн тунхагласан байдаг.

Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчилсан нийгмийн гол тулгуур багана болох иргэний нийгэм гэсэн ойлголтыг төрийн бус байгууллагуудаар төлөөлүүлэн ойлгож ирсэн. Гэсэн хэдий ч иргэний нийгмийн бүрдүүлэгч институтүүд болох хувийн хэвшлийн компани, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, соёл урлагийн нэгдлүүд, төрийн бус олон нийтийн байгууллагууд үүсэн төлөвшиж эхэлсээр багагүй хугацаа өнгөрөөд байна.

Тодруулваас 2003 оны гуравдугаар сарын байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй 2900 гаруй төрийн бус байгууллага, өрх гэрийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 86000 гаруй гэр бүл, улсын бүртгэлтэй 30 гаруй мянган хувийн хэвшлийн байгууллагууд, 300 илүүтэй сонин сэтгүүл зэрэг иргэний нийгмийн бүрдэл хэсгүүд нийгэмд өөрийн орон зайг бий болгон үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Гэвч эдгээр нь зөвхөн тоон үзүүлэлт бөгөөд тэдний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааны үр нөлөөг шинжлэх ухааны ул суурьтай судалгаагаар тодруулж дүн шинжилгээ хийснээр Монгол дахь иргэний нийгмийн хөгжил төлөвшил гол бүрэлдэхүүн хэсэг болох төрийн бус байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох оролцоо сүүлийн жилүүдэд нэлээд идэвхжиж байгааг нийгэмд гарч буй нэг эерэг хандлага гэж үзэж болох юм. Гэвч энэ нь зөвхөн тэдний өнгөн тал нь юм.

Иргэний нийгэм, түүнийг бүрдүүлж буй инститүтүүдийн дотроос төрийн бус байгууллагыг хөгжүүлэх асуудал өнөөдөр социаль асуудлуудын хүрээнд чухал байр суурийг эзлэх болжээ. Гэтэл ямарваа нийгмийн анхдагч эд эс нь хүн байдаг. Иймд иргэний нийгмийн чанар чансааг тодорхойлохуйц төрийн бус байгууллагуудын хөгжил төлөвшлийг чанаржуулахыг зорьж буй энэ үед төрийн бус байгууллагуудын гишүүн, дэмжигчдийн иргэний нийгмийн талаарх ойлголт, ухамсрын түвшинг дээшлүүлэх нь чухал. Учир нь юунд гэвээс төрийн бус байгууллагын иргэний нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг ард иргэд төдийлөн бүрэн гүйцэд ойлгож чадахгүй байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 2900 гаруй төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд оролцож буй иргэдийг идэвхи оролцоогоор нь сонгуультан, гишүүн, идэвхитэй, дэмжигч гэж ялган зааглан үзэж болно. Бид өөрсдийн явуулсан социологийн цогцолбор судалгааны дүнд үндэслэн төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн нийгэм, сэтгэл зүйн дүр зургийг дараах байдлаар тодорхойлон үзэж байна. Төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн талаар бидний дэвшүүлж буй эдгээр хэв маягийн ангилал нь эрхэм уншигч таны санал, шүүмжлэлд нээлттэй. Төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийг үнэт зүйлсийн баримжааллаар нь ерөнхийд нь хэв маягийн гурван бүлэгт ангилж үзэж болохоор байна.

1. Үнэт зүйлсийн уламжлалт хэв маяг бүхий гишүүн

Энд бид үнэт зүйлсийн уламжлалт хэв маягийн тухай ярихдаа өмнөх нийгмийн тогтолцооны (социалист) үед нийгмийн үнэт зүйлсийн баримжааллыг бүхэлд нь бус, харин тэдгээрийн зарим нэгийг одоо хэр нь хувийн үнэт зүйл, соёлын хэм хэмжээнд хадгалж үлдсэн бие хүмүүсийн тухай авч үзсэн. "Хуучин" нийгмийн (социалист) үнэт зүйлсийн тогтолцоонд жинтэй, тэргүүлэх байр суурийг эзэлж байсан эх орон, нам, төр засаг, интернационализм, найрамдал, энх тайван, боловсрол, хамтач үзэл зэрэг үнэт зүйлс өнөөгийн нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд багахан хувийг эзлэх болсон хэдий ч эдгээр үнэт зүйлсийн зарим нэг нь иргэдийн хувийн үнэт зүйлсийн баримжаалалд байсаар байна. Ялангуяа хамтач үзэл төрийн бус байгууллагын гишүүдийн үнэт зүйлсийн баримжаалалд тодорхой байр суурийг эзэлсэн хэвээр байна. Өнөөгийн төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн нэлээд олонх нь буюу арван хүн тутмын долоо нь тухайн төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцоход "олны төлөө ажиллах өөрийн сонирхол", "үзэл бодол нэгт нөхөдтэйгээ уулзах", "өөрийн гэх хамт олны гишүүн байх", "найз нөхдийн хүрээлэл нэмэгддэг учир би энд ажиллах сонирхолтой", "үе тэнгийнхэнтэйгээ цуг байх хүсэл сонирхол" зэрэг хүчин зүйлс чухал нөлөө үзүүлсэн гэж тодорхойлсон байна. Энэ бол төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийн дийлэнх олонхийнх нь үнэт зүйлсийн баримжаалалд хамтач үзэл уламжлагдан төлөвшсөний илрэл юм.

Өнөөгийн нийгмийн гишүүд ямар нэгэн төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагааг сонирхохын зэрэгцээ гол төлөв өөрийн хувийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, таашаал, үзэл бодлоор дамжуулан нийгмийн зүгээс олж авах сэтгэл ханамж, мэдрэмжийг урьтал болгодог нь харагдаж байна. Тодруулбал, олон ургальч үзэл ноёрхон буй өнөө үед нийгмийн гишүүд үзэл бодол нэгт үеийн нөхөртэйгээ санал бодлоо солилцон, өөрийн "дотоод ертөнц"-өө бусдад нээх, улмаар эвлэлдэн нэгдэж үзэл бодол нэгт нөхдийнхөө эрх ашиг, хэрэгцээ сонирхлыг олон нийтэд таниулан сурталчлах, тэдний ашиг сонирхлын төлөө ажиллах, ингэснээр бусдын "дотоод ертөнц"-ийг танин мэдэж, өөрийн "хувийн" оршин тогтнох орон зайг тэлэх хүсэл сонирхол, иргэний нийгмийн үзэл баримтлал, ухамсар төлөвших үндсэн гол хөрс суурь болж байдгийн нэг баталгаа юм.

Гэтэл төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийн цөөнх хэсэг нь буюу арван хүн тутмын хоёр нь дээрх хүчин зүйлсийг "төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд татагдан ороход тодорхой нөлөө үзүүлж чадахгүй" хэмээн үнэлж байдаг. Энэ нь дээрх дүгнэлтийг бататгахын зэрэгцээ нийгмийн зарим нэг гишүүдийн хувийн үнэт зүйлсийн баримжаалалд хамтач үзэл багахан хувийг эзэлж байгааг илтгэн харуулж байна. Мөн үүний зэрэгцээ иргэний нийгмийн гол элемент болох төрийн бус байгууллагууд нь хүмүүсийн хувийн үзэл сонирхлоос бус, харин нийгмийн гишүүдийн эрх ашгийн тусын тулд үйлчлэх ёстой гэсэн нэг санаа агуулж байгаа юм. Харин энэ хэв маягийн гишүүдийн үнэт зүйлсийн баримжаалалд чухал суурийг эзэлж буй хамтач үзэл нь төрийн бус байгууллагууд нь олон нийтийн эрх ашгийн тулд ажиллаж байгаа нөхцөлд бие хүн хувийн эрх ашгийн төлөө хүчин зүтгэх ёстой гэсэн санааг агуулж байгаагаараа бусад хэв маягийн бие хүмүүсээс ялгарч байна.

2. Үнэт зүйлсийн шинэлэг хэв маяг бүхий гишүүн

Энэ бүлэгт харъяалагдаж буй төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчид нь нийгмийн шинэ тогтолцоог дагалдан гарч буй үзэгдэл, үйл явцын үр нөлөөгөөр өөрийн "би"-г бий болгох, хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, улмаар хүлээн зөвшөөрүүлэхийг гол зорилго болгодог байна. Ийм хэв маягийн хүмүүсийн үнэт зүйлсийн баримжаалалд гол төлөв хувь хүний "хувьч" шинж чанар нь давамгайлдаг. Тэд төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон шалтгаан нөхцлөө "олон түмний дунд өөрийн гэсэн дуу хоолой, байр суурьтай байх, өөрийнхөө байгууллагын үйл ажиллагаанд миний оруулах хувь нэмэр их байдаг, бусдаас хараат бус, бие даасан байдлыг олж авах эрмэлзэл, манай байгууллагын хүмүүс намайг байлгахыг хүсдэг зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарласан байдаг. Эдгээр хүчин зүйлийн дотроос олон түмний дунд өөрийн гэсэн дуу хоолой, байр суурьтай байх гэсэн хүчин зүйлийг төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн үнэт зүйлсийн баримжаалалд бүрэлдэн бий болж байгааг харуулж байна. Нөгөө талаас тухайн хувь хүний авьяас чадварыг иргэний нийгмийн зүгээс өндрөөр үнэлж байгаагийн нэг илрэл гэж үзэж болно.



3. Үнэт зүйлийн иргэнлэг хэв маяг бүхий гишүүн

Энэ хэв маягт багтаж буй хүмүүсийн үнэт зүйлсийн баримжаалал нь дээрх хоёр хэв маягийг хоёуланг өөртөө агуулсан байдаг. Үнэт зүйлсийн энэхүү хэв маягт харъяалагдаж байгаа бие хүмүүсийн үнэт зүйлсийн тогтолцоог холимог гэж нэрлэж болох юм. Энэ бүлэгт харъяалагдаж байгаа төрийн бус байгууллагын гишүүдийн арван хүн тутмын дөрөв нь төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон учир шалтгаанаа "байгууллагын идэвхитэн, сонгуультан дэмжигчид хамтын хүчээр гишүүдийнхээ амьдрал ахуйг сайжруулахад сайн хамтран ажилладаг", "ядарч зүдэрсэн үед манай байгууллага харж үздэг" гэсэн хүчин зүйлтэй холбон тайлбарласан байна. Шилжилтийн хүнд хэцүү цагт төрийн бус байгууллагууд гишүүдийнхээ амьдрал ахуйд бага ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг ядуурлаас хамгаалах сайн талтай ч, нөгөө талаар нийгмийн сэтгэл зүйд "бугласан" бэлэнчлэх сэтгэлгээг улам батжуулах муу талтайг үгүйсгэх аргагүй. Энэ хэв маягт багтаж буй хүмүүсийн онцлог шинж гэвэл тэд өөрсдийн өдөр тутмын ахуй амьдрал, ажил төрөлд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг хамтын хүчээр, эсвэл бие даан шийдвэрлэх чадвартай байдагт оршино. Өөрөөр хэлбэл ядарч зүдэрсэн нэгэн нь өөрийн амьдралд тулгамдаж буй асуудлыг бие даан шийдвэрлэх эсвэл өөрийн харьяалагдаж байгаа байгууллагын удирдлагад хүсэлт гарган дэмжлэг авах зэргээр амьдрал ахуйгаа өөд нь татдаг. Эдгээр бүхий л үйл ажиллагаа нь иргэний нийгмийн үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Гэтэл дээр дурдсан хүчин зүйлийг төрийн бус байгууллагын зарим гишүүд 10 хүн тутмын 6 нь "иргэд төрийн бус төрийн бус байгууллагын гишүүн болоход чухал нөлөө үзүүлэхгүй" гэж үнэлсэн байна. Энэ нь тухайн төрийн бус байгууллагын гишүүн, дэмжигчдийнхээ амьдрал ахуйд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан ч тухайн хувь хүн өөрөө бие даан амьдрал ахуйгаа аваад явах чадвартайг төдийгүй, энэхүү дэмжлэг туслалцаа нь түүнийг иргэний нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож, төрийн бус байгууллагын гишүүн болоход онцын нөлөө үзүүлэхгүй болохыг гэрчилнэ.

Дээр дурдсан үнэт зүйлсийн гурван хэв маяг бүхий гишүүдээр төлөөлүүлэн өнөөгийн иргэний нийгмийн хөгжил төлөвшил ямар байгааг тодрхой хэмжээгээр зураглан харж болно. Сүүлийн 2, 3 жилээс иргэний нийгмийн гол ноён нуруу болох төрийн бус байгууллагын хөгжил төлөвшлийн асуудлыг авч үзэхдээ тэдгээрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтын тал дээр илүү анхаарч, харин гишүүд дэмжигчдийн үзэл бодол, хэрэгцээ, сонирхлын хүчин зүйлийг орхигдуулах болсон. Иймээс бидний зорин тэмүүлж буй"…хүмүүнлэг, иргэний, ардчилсан … " хэмээх тодотголтой, нийгмийн баримжаа бүхий зах зээлийн эдийн засгийн нийгмийн хөгжлийн хөрс суурь нь ард иргэд буюу "хүн" гэдгийг анхааран үзэж, төрийн бус байгууллагын гишүүд төдийгүй энгийн иргэдийн нийгмийн талаарх үзэл бодол, ойлголт төсөөлөл, ухамсрын түвшинг дээшлүүлэх цаг болжээ.

No comments: