2009/01/16

Залуу судлаачдын семинар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж дууслаа.

МЗЭХ, БУСЗЭХ-оос сар бүрийн 2-р долоо хоногийн 4 дэхь өдөр зохион байгуулагддаг "Залуусаас Залууст" ээлжит семинар 2 дахь удаагаа буюу 2009 оны 01-р сарын 15 -нд амжилттай явагдаж өнгөрлөө.

Уг семинарын ач холбогдол нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын түвшингээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор бие биедээ гүн туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, МЗЭХ-ны дэргэдэх Зөвлөлдөх бүрэлдэхүүний гишүүд, ХААБТСЗЭХ-ны гүйцэтгэх захирал, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими, Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжилийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг байгууллагын судлаач залуучууд оролцож уг семинарын ач холбогдол, цар хүрээ, цаашид хэрхэн чанаржуулах зэрэг олон асуудлаар санал солилцож үнэтэй зөвөлгөөнүүдийг өгсөн юм.

Энэ удаагийн семинарт МУИС-ийн Биохими-Биоорганик Химийн тэнхимийн ЭША Э. Сэлэнгэ "Монгол орны зарим зүйл ургамлын хандны антиоксидант идэвхийн судалгаа" сэдвээр, УХЭШХ-ийн ЭША А. Ренчинсоль “Агуулахын хөнөөлт Шаргал гурилч цох /Cryptolestes ferrugineus Steph.,/-ын биологийн онцлог, тэмцэх аргын судалгаа” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрхэмлэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвөлгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

Ц. Цэдэндорж

No comments: