2009/01/09

БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ” – ЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь “Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоон” – ы (БУСЗЭХ) “Хяналтын зөвлөл”– ийн (цаашид “зөвлөл” гэх) бүтэц, үйл ажиллагааг тодорхой болгох БУСЗЭХ – ы гишүүдийн эрхийг хамгаалах БУСЗЭХ – ы дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.

Нэг. Зөвлөл түүний бүтэц үйл ажиллагааны зохион байгуулалт

1.1 Зөвлөл нь холбооны дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага юм.

1.2 Зөвлөл нь 5 – н гишүүнтэй ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

1.3 Зөвлөлийн гишүүдийг БУСЗЭХ – ы Их Хурлаар сонгоно.

1.4 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.

1.5 Зөвлөлийн хурлыг гишүүдийн 51% - иас дээш нь ирснээр хүчин төгөлдөрт тооцно

1.6 Хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

1.6.1 Зөвлөлийн гишүүд аливаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэнэ.

1.6.2 Аливаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж томилж болно.

1.7 Зөвлөлийн хурал нь Зөвлөлийн ажлын төлөвлөгөө, ажлын тайлан, үйл ажиллагааны зардал, тухайн улирал, хагас жилд хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана.

1.7.1 Зөвлөлийн шийдвэр нь хурлын тэмдэглэлээр баталгаажих бөгөөд түүнд хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурна.

1.7.2 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргана.

1.7.3 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлаар гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналыг үнэн зөв, бүрэн бичиж тэмдэглэнэ.

1.8 Зөвлөл улирал тутам хуралдах бөгөөд ажлын шаардлагыг харгалзан Зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн 50 хувиас доошгүй нь санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Зөвлөлийн дарга тогтоож, нарийн бичгийн дарга гишүүдэд мэдэгдэнэ.

1.9 Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

1.9.1 Өөрийн хүсэлтээр

1.9.2 Зөвлөлийн гишүүн ээлжит болон ээлжит биш хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа дараалан оролцоогүй тохиолдолд

1.9.3 Ёс зүйн ноцтой алдаа гаргасан дохиолдолд

1.10 Чөлөөлөгдсөн гишүүний оронд өөр гишүүн нөхөн сонгоно.

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл

2.1 Зөвлөл нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна

2.1.1 Удирдах зөвлөлд хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцсэн асуудлууд, түүний төсөлд Зөвлөл болон БУСЗЭХ – ы гишүүнийн хүсэлтээр санал, дүгнэлт гаргах.

2.1.2 Гишүүдээс бичгээр гаргасан БУСЗЭХ-той холбоотой санал гомдлыг хянах, МЗЭХ-оос БУСЗЭХ – нд гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ

2.1.3 Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох

2.1.4 Холбооны дүрэм зөрчигдсөн тухай Зөвлөлийн аливаа шийдвэр гаргах

2.1.5 БУСЗЭХ – ы гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж, удирдах зөвлөлд оруулах

2.1.6 Удирдах зөвлөлийн хурад зөвлөлийн нэг болон түүнээс дээш гишүүн заавал оролцно.

Гурав. Эрх үүрэг

3.1 Зөвлөлийн бүрэн эрх

3.1.1 БУСЗЭХ – ы шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянах

3.1.2 БУСЗЭХ – ы шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдолтой холбоотой тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг БУСЗЭХ – оос гаргуулан авах

3.1.3 Дансыг шалгах, санхүүгийн холбогдолтой мэдээлэл, баримт гаргуулж авах, шийдвэрүүдтэй нь танилцах

3.1.4 Зөвлөлөөс чөлөөлөгдсөн гишүүний оронд өөр гишүүн нөхөн сонгох

3.2 Зөвлөлийн гишүүний эрх

3.2.1 Зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

3.2.2 Зөвлөлийн гишүүн нь зөвлөлийн шийдвэрийнхээ талаар БУСЗЭХ – ы Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавих буюу мэдэгдэл, мэдээлэл хийх

3.2.3 зөвлөлийн шийдвэрийн дагуу БУСЗЭХ – ын үйл ажиллагаатай танилцах

3.2.4 Ажил үүргийн хуваарийн дагуу шаардлагатай бичиг баримтыг БУСЗЭХ – оос гаргуулан авах

3.3 Зөвлөлийн дарга нь тус зөвлөлийн гишүүний эрхээс гадна дараахь эрхтэй байна

3.3.1 Зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хуралдааныг товлох, даргалах

3.3.2 Зөвлөлийн даргын түр эзгүйд, түүний үүргийг орлон гүйцэтгэх гишүүнийг томилох

3.3.3 Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих.

3.4 Зөвлөлийн дарга, найрийн бичгийн дарга гишүүний үүрэг

3.4.1 Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэгтэй.

3.4.2 Гишүүд нь зөвлөлийн даргын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой ажил хариуцан ажиллаж, гүйцэтгэл, үр дүнгийн талаар зөвлөлийн хуралдаанд танилцуулах

3.4.3 Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Зөвлөлийн даргын санал болгосноор сонгоно.

3.4.4 Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хуралд оролцож, хэлэлцэх асуудлын талаар санал гаргах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох үүрэгтэй.

3.4.5 хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаан товлон зарласан цагт хүрэлцэн ирэх

3.4.6 зөвлөлийн хуралдааны дэгийг сахих.

Дөрөв. Гомдол хянах

4.1 БУСЗЭХ үйл ажилагаатай холбоотой гомдлыг БУСЗЭХ- гишүүн зөвлөлд гаргана.

4.2 Зөвлөлд гомдлыг бичгээр гаргах бөгөөд гомдол нь дараахь мэдээллийг агуулсан байна.

4.2.1 Гомдол гаргаж байгаа үндэслэл

4.2.2 Гомдол гаргагч, хариуцагчийн хаяг, оноосон нэр, огноо

4.2.3 Гомдолтой холбоотой нотлох баримт.

4.3 Энэ журмын 4.2-т заасан шаардлагыг хангаагүй гомдлыг гомдол гаргагчид буцаана

4.4 Шаардлага хангаагүй гомдлыг буцаах болсон үндэслэлийг гомдол гаргагчид тайлбарлана.

4.5 зөвлөл энэ журмын 4.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хариуцагчид гомдлын агуулгыг танилцуулж, түүнээс тайлбар авна.

4.6 Зөвлөл нь тайлбар авах газар, өдөр, цагийг товлож, хариуцагчид мэдэгдэнэ.

4.7 Зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд гомдол гаргагч болон хариуцагчийн томилсон төлөөлөгч оролцож тайлбар өгч болох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болно.

4.8 Зөвлөлийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана

4.8.1 Гомдлыг хянгаж, БУСЗЭХ – ы шийдвэрийг хүчингүй болгох

4.8.2 БУСЗЭХ – ы шийдвэрт өөрчлөлт оруулах

4.8.3 Гомдлыг хэрэгсэхгүй болгож, БУСЗЭХ – ы шийдвэрийг хэвээр үлдээх

4.9 Зөвлөл энэ журмын 4.8-д заасан шийдвэрээ БУСЗЭХ болон гомдол гаргагчид хүргүүлнэ.

4.10 Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хариуцагч эсвэл гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.

-оо0оо-

No comments: