2010/05/04

Захидал ирлээ, Залуусаа

Сайн байцгаана уу?
Залуу эрдэмтэн судлаач, Эх оронч залуусаа!
Та бүхний энэ өдрийн амрыг эрье.

Сүүлийн 100 жилд дэлхийн агаарын температур 0.740С-ээр дулаарсан бол Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 69 жилд 2.10С-ээр дулаарсан бөгөөд дэлхийн дунджаас даруй 3 дахин их байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаварууд дэлхийн улс орнуудын эдийн засаг, газарзүйн байршлаас хамааран харилцан адилгүй нөлөөлж байна.
Хуурай ба хагас хуурай бүс нутаг нийт нутгийн 90%-ийг эзэлдэг Монголын нийгэм-экологийн тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий байна. Дэлхийн дурааллаас үүдэлтэй байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн эрч хүч нэмэгдэж, усны нөөцийн хомстол, биологийн төрөл зүйлийн хорогдол, экосистемийн доройтол болон цөлжилтөд хүргэх замаар ус, хүнсний аюулгүй байдал нийгмийн амьдрал, цаашлаад улс орны эдийн засаг, хүний хөгжилд сөргөөг нөлөөлж байна. 1998-2001 оны ган зуднаар 2369 өрх огт малгүй, 10 гаруй мянган өрх 100 хүрэхгүй толгой малтай үлдэж амжиргааны түвшин эрс доошилж хөдөө орон нутагт ажилгүйдэл ядуурал эрс нэмэгдсэн бөгөөд тухайн үеийн Монголын эдийн засагт 90 гаруй тэр бум төгрөгийн (Монголын иргэн бүрт өгч буй 70000₮-ийн нийт дүнгийн ½-тэй тэнцэхүйц мөнгө) шууд хохирол учруулсан бол 2009-2010 оны зуднаар 2010.04.23-ны байдлаар 6.9 сая мал хорогдож, 63.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байна (http://politics.news.mn/content/8145.shtml).
Мөн 8711 малчин өрх огт малгүй болсон буюу цөөн тооны малтай үлдэж ажилгүйдэл ядуурлыг улам нэмэгдүүллээ. Үүнийг дагаад хотруу чиглэсэн их нүүдлийг бий болгоод (экологийн дүрвэгсэд) зогсохгүй Улаанбаатар хотын хүнс, ус, газар, агаарын ачааллыг нэмэгдүүлж байна. Монголын эдийн засаг, цаашлаад хүний хөгжлийн асуудал нь уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчноос хамааралтай хэвээр байсаар байна. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ны 20 хувь нь ХАА-аас, нийт 18 аймгаас Орхон, Дархан, Говь-сүмбэр гэсэн хот аймгуудыг оруулахгүйгээр) 14 аймгийн ДНБ-ны дийлэнх (50-с дээш) хувийг ХАА-н салбараас бүрдүүлж байгаа нь эдийн засаг-нийгмийн байдал байгаль орчноос хэр хамааралтай байгааг харуулж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр, Киотогийн протокол, Копенгагны уулзалтаас Дэлхийн улс орнуудад Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд дараахь үндсэн стратегиудын хүрээнд арга хэмжээ авахыг чиглэл болгосоор байна. Үүнд, нэгдүгээрт Цэвэр хөгжлийн механизмаар дамжуулан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нөгөө нь нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдлаа бууруулж дасан зохицох үйл ажиллагааг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлж байна.
НҮБ-ийн Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Даяарх орчны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сүлжээ (Global climate change adaptation network)-г 2009 онд байгуулсан. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд Ази-Номхон далайн орнуудын дасан зохицох сүлжээ (Asia Pacific Climate Change Adaptation Network and the Regional Climate Change Adaptation Knowledge Platform) Тайландын Вангкок хотноо байгуулагдсан.
Иймд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанд залуучуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, солилцох, Монгол орны экологи, эдийн засгийн онцлогыг тусгасан Тогтвортой хөгжилд чиглэсэн дасан зохицох бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдал (Vulnerability), дасан зохицох (Climate Change Adaptation), сэргэн хөгжих чадавхи (Resilience), тогтвортой хөгжил (Sustainable development)-ийн судалгааг Монголдоо хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголын байгаль орчны салбарт ажилладаг, мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар судалгаа шинжилгээ явуулдаг, сонирхдог залуучуудыг нэгтгэн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мэдлэгээ солилцох Монголын залуу эрдэмтдийн сүлжээ (Young Scientists Network for Climate Change Adaptation and Knowledge Platform in Mongolia)”-г байгуулахаар төлөвлөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг Тогтвортой хөгжилрүү чиглүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал нь зөвхөн байгаль орчны салбараар хязгаарлагдахгүй хөгжлийн асуудал мөн яригдах болдог.
Та бүхэн дээрх сүлжээг үүсгэн байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн захидлаа илгээнэ үү.

Хүндэтгэсэн
М.Алтанбагана
Хуурай газрын тогтвортой хөгжлийн хүрээлэн
МУИС-ын докторант
Web site: www.sustainability.mn (хийгдэж байгаа)
E-mail: a_baganad@yahoo.com
Tel: 976-99164206

No comments: