Н.БАГАБАНДИ
Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл. “Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий.Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм.
