Showing posts with label Дүрэм Журам. Show all posts
Showing posts with label Дүрэм Журам. Show all posts

2009/12/02

БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ЖУРАМ

Байгалийн Ухааны Салбарын Залуу
Эрдэмтдийн Холбооны 2008-10-28ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.


БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН
ХОЛБООНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо /цаашид Холбоо гэх/-ны Удирдах зөвлөлийн Хүний нөөцийн албаны журам-ын зорилго нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон БУСЗЭХолбооны дүрэм-ийн хүрээнд албаны гишүүдийн ажил үүргийг оновчтой зохион байгуулах, сахилга дэг журмыг бэхжүүлэхэд болон Удирдах зөвлөлийн бусад албадуудтай харилцах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Удирдах зөвлөлийн Хүний нөөцийн алба эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэнэ.

1.3. Хүний нөөцийн албаны нийт гишүүд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1. Хүний нөөцийн алба нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
• Холбооны дүрэм, дүрмийн биелэлт
• Дүрэм, журманд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
•Шаардлагатай дүрэм, журмуудын төсөл боловсруулж Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
• Холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар санал дэвшүүлэх
• Гишүүнчлэлийн асуудал, шинээр гишүүн элсүүлэх, гишүүнээс түдгэлзүүлэх
• Гишүүний ёс зүй
• Гишүүдээс гаргасан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, удирдах зөвлөлд уламжлах
• Гишүүдийн анкетыг нэгтгэн, архивлах
• Гишүүдийн нэгдсэн судалгааг гаргах
• Үйл ажиллагааны хүрээнд бусад албадуудтай хамтран ажиллах

Гурав. Албаны удирдлага, зохион байгуулалт,
дотоод баримт бичгийн хөтлөлт, тэдгээрт тавигдах шаардлага

3.1. Хүний нөөцийн алба нь ахлагч болон албаны гишүүдээс бүрдэнэ.

3.2. Албаны даргын эзгүйд түүний ажлыг гишүүн орлоно. Орлож ажиллах хуваарийг тухай бүр албан ёсоор Удирдах зөвлөлийн хурал дээр мэдэгдэнэ.

3.3. Албаны дарга болон гишүүдийн ажил үүргийн хуваарийг боловсруулан баталж, мөрдөж ажиллах ба орон тоо, бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд шинэчлэн гаргана.

3.1. Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурал, албаны зөвлөгөөнөөр ярилцсан ажил, арга хэмжээ, үүрэг даалгавар, биелэлтийн талаар албаны гишүүн тэмдэглэл хөтлөх ба өгсөн үүрэг даалгаврын дагуу биелэлтийг тухай бүр мэдээлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

3.2. Албанаас Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг хурал болохоос 1 хоногийн өмнө бичиг хэргийн асуудал хариуцсан гишүүн нийт гишүүдэд илгээж, хуралд оролцох боломжгүй гишүүдийн саналыг авсан байна.

3.3. Албаны гишүүнчлэлийн асуудал хариуцсан гишүүн нь холбооны гишүүдийн анкет, мэдээллийн нууцлалыг чандлан хамгаална.

3.4. Гишүүдийн хувийн хэрэг, анкеттай танилцах, тэдний тухай мэдээлэл авах хүсэлт тавьсан иргэн, албан байгууллагад уг баримттай танилцах зөвшөөрлийг албаны даргаас бичгээр олгосны үндсэн дээр танилцуулна.

Дөрөв. Үйл ажиллагааг үнэлж, дүгнэх

3.4. Алба нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, төлөвлөгөөнд оруулах асуудлуудыг бусад албадууд, холбогдох байгууллагуудтай тохирч боловсруулаад, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, санал авсны үндсэн дээр Гүйцэтгэх захирлаар 01 дүгээр сарын 10-ны дотор батлуулна.

3.5. Албаны жилийн төлөвлөгөөг дараах асуудлуудтай уялдуулан зохицуулна. Үүнд:
• Төр засгийн бодлого, зорилт, онцлог
• МЗЭХ, БУСЗЭХ-ны хэтийн төлөвлөгөө
• МЗЭХ-ны жилийн төлөвлөгөө
• БУСЗЭХ-ны тухайн жилд дэвшүүлсэн зорилт
• БУСЗЭХ-ны болон бусад албадуудын төлөвлөгөө

3.6. Хүний нөөцийн алба нь тухайн онд хийж гүйцэтгэсэн ажлаа Удирдах зөвлөлд тайлагнах ба гишүүдийнхээ ажлыг жилийн эцэст зохих үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шагнал урамшуулал болон хариуцлагын талаар санал оруулна.

3.7. Хүний нөөцийн алба нь гишүүдийнхээ сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах зорилгоор гишүүдийн ирц, үүрэг даалгаврын биелэлтийг тооцох журамтай байна.

3.8. Гишүүдийн ирц болон үүрэг даалгаврын биелэлтийг албаны дарга бүртгэнэ.

3.9. Хуралд ирэхгүй шалтгаан буюу хуралд хоцорч ирэх тухай харьяалах удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ. Ийнхүү удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй тохиолдолд тухайн ажилтныг хурал тасалсанд тооцож, энэ нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

Тав. Бусад зүйл

3.6. Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг байна.


ооОоо

2009/01/09

БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ” – ЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь “Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоон” – ы (БУСЗЭХ) “Хяналтын зөвлөл”– ийн (цаашид “зөвлөл” гэх) бүтэц, үйл ажиллагааг тодорхой болгох БУСЗЭХ – ы гишүүдийн эрхийг хамгаалах БУСЗЭХ – ы дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.

Нэг. Зөвлөл түүний бүтэц үйл ажиллагааны зохион байгуулалт

1.1 Зөвлөл нь холбооны дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага юм.

1.2 Зөвлөл нь 5 – н гишүүнтэй ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

1.3 Зөвлөлийн гишүүдийг БУСЗЭХ – ы Их Хурлаар сонгоно.

1.4 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.

1.5 Зөвлөлийн хурлыг гишүүдийн 51% - иас дээш нь ирснээр хүчин төгөлдөрт тооцно

1.6 Хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

1.6.1 Зөвлөлийн гишүүд аливаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэнэ.

1.6.2 Аливаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж томилж болно.

1.7 Зөвлөлийн хурал нь Зөвлөлийн ажлын төлөвлөгөө, ажлын тайлан, үйл ажиллагааны зардал, тухайн улирал, хагас жилд хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана.

1.7.1 Зөвлөлийн шийдвэр нь хурлын тэмдэглэлээр баталгаажих бөгөөд түүнд хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурна.

1.7.2 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргана.

1.7.3 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлаар гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналыг үнэн зөв, бүрэн бичиж тэмдэглэнэ.

1.8 Зөвлөл улирал тутам хуралдах бөгөөд ажлын шаардлагыг харгалзан Зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн 50 хувиас доошгүй нь санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Зөвлөлийн дарга тогтоож, нарийн бичгийн дарга гишүүдэд мэдэгдэнэ.

1.9 Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

1.9.1 Өөрийн хүсэлтээр

1.9.2 Зөвлөлийн гишүүн ээлжит болон ээлжит биш хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа дараалан оролцоогүй тохиолдолд

1.9.3 Ёс зүйн ноцтой алдаа гаргасан дохиолдолд

1.10 Чөлөөлөгдсөн гишүүний оронд өөр гишүүн нөхөн сонгоно.

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл

2.1 Зөвлөл нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна

2.1.1 Удирдах зөвлөлд хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцсэн асуудлууд, түүний төсөлд Зөвлөл болон БУСЗЭХ – ы гишүүнийн хүсэлтээр санал, дүгнэлт гаргах.

2.1.2 Гишүүдээс бичгээр гаргасан БУСЗЭХ-той холбоотой санал гомдлыг хянах, МЗЭХ-оос БУСЗЭХ – нд гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ

2.1.3 Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох

2.1.4 Холбооны дүрэм зөрчигдсөн тухай Зөвлөлийн аливаа шийдвэр гаргах

2.1.5 БУСЗЭХ – ы гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж, удирдах зөвлөлд оруулах

2.1.6 Удирдах зөвлөлийн хурад зөвлөлийн нэг болон түүнээс дээш гишүүн заавал оролцно.

Гурав. Эрх үүрэг

3.1 Зөвлөлийн бүрэн эрх

3.1.1 БУСЗЭХ – ы шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянах

3.1.2 БУСЗЭХ – ы шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдолтой холбоотой тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг БУСЗЭХ – оос гаргуулан авах

3.1.3 Дансыг шалгах, санхүүгийн холбогдолтой мэдээлэл, баримт гаргуулж авах, шийдвэрүүдтэй нь танилцах

3.1.4 Зөвлөлөөс чөлөөлөгдсөн гишүүний оронд өөр гишүүн нөхөн сонгох

3.2 Зөвлөлийн гишүүний эрх

3.2.1 Зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

3.2.2 Зөвлөлийн гишүүн нь зөвлөлийн шийдвэрийнхээ талаар БУСЗЭХ – ы Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавих буюу мэдэгдэл, мэдээлэл хийх

3.2.3 зөвлөлийн шийдвэрийн дагуу БУСЗЭХ – ын үйл ажиллагаатай танилцах

3.2.4 Ажил үүргийн хуваарийн дагуу шаардлагатай бичиг баримтыг БУСЗЭХ – оос гаргуулан авах

3.3 Зөвлөлийн дарга нь тус зөвлөлийн гишүүний эрхээс гадна дараахь эрхтэй байна

3.3.1 Зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хуралдааныг товлох, даргалах

3.3.2 Зөвлөлийн даргын түр эзгүйд, түүний үүргийг орлон гүйцэтгэх гишүүнийг томилох

3.3.3 Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих.

3.4 Зөвлөлийн дарга, найрийн бичгийн дарга гишүүний үүрэг

3.4.1 Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэгтэй.

3.4.2 Гишүүд нь зөвлөлийн даргын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой ажил хариуцан ажиллаж, гүйцэтгэл, үр дүнгийн талаар зөвлөлийн хуралдаанд танилцуулах

3.4.3 Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Зөвлөлийн даргын санал болгосноор сонгоно.

3.4.4 Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хуралд оролцож, хэлэлцэх асуудлын талаар санал гаргах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох үүрэгтэй.

3.4.5 хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаан товлон зарласан цагт хүрэлцэн ирэх

3.4.6 зөвлөлийн хуралдааны дэгийг сахих.

Дөрөв. Гомдол хянах

4.1 БУСЗЭХ үйл ажилагаатай холбоотой гомдлыг БУСЗЭХ- гишүүн зөвлөлд гаргана.

4.2 Зөвлөлд гомдлыг бичгээр гаргах бөгөөд гомдол нь дараахь мэдээллийг агуулсан байна.

4.2.1 Гомдол гаргаж байгаа үндэслэл

4.2.2 Гомдол гаргагч, хариуцагчийн хаяг, оноосон нэр, огноо

4.2.3 Гомдолтой холбоотой нотлох баримт.

4.3 Энэ журмын 4.2-т заасан шаардлагыг хангаагүй гомдлыг гомдол гаргагчид буцаана

4.4 Шаардлага хангаагүй гомдлыг буцаах болсон үндэслэлийг гомдол гаргагчид тайлбарлана.

4.5 зөвлөл энэ журмын 4.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хариуцагчид гомдлын агуулгыг танилцуулж, түүнээс тайлбар авна.

4.6 Зөвлөл нь тайлбар авах газар, өдөр, цагийг товлож, хариуцагчид мэдэгдэнэ.

4.7 Зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд гомдол гаргагч болон хариуцагчийн томилсон төлөөлөгч оролцож тайлбар өгч болох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болно.

4.8 Зөвлөлийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана

4.8.1 Гомдлыг хянгаж, БУСЗЭХ – ы шийдвэрийг хүчингүй болгох

4.8.2 БУСЗЭХ – ы шийдвэрт өөрчлөлт оруулах

4.8.3 Гомдлыг хэрэгсэхгүй болгож, БУСЗЭХ – ы шийдвэрийг хэвээр үлдээх

4.9 Зөвлөл энэ журмын 4.8-д заасан шийдвэрээ БУСЗЭХ болон гомдол гаргагчид хүргүүлнэ.

4.10 Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хариуцагч эсвэл гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.

-оо0оо-

2008/11/13

Гишүүн элсүүлэх журам

Байгалийн Ухааны Салбарын Залуу
Эрдэмтдийн Холбооны 2008-10-07ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав


БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН
ХОЛБООНД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо /цаашид Холбоо гэх/-ны гишүүн элсүүлэх журмын зорилго нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон БУСЗЭХолбооны дүрэм-ийн хүрээнд гишүүн элсүүлэх, гишүүд болон Холбооны хоорондын харилцааг зохицуулахад оршино.

1.2. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Удирдах зөвлөлийн Хүний нөөцийн алба эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэнэ.

1.3. Холбооны нийт гишүүд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Гишүүнчлэлийн төрөл

2.1. Гишүүн нь хүндэт гишүүн, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүн гэсэн гурван ангиллын аль нэгэнд харъяалагдана.

2.2. Хүндэт гишүүн
2.2.1. Холбооноос хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн хүмүүсийг хүндэт гишүүн гэнэ.
2.2.2. Хүндэт гишүүн нь татвар төлөхгүй.

2.3. Жинхэнэ гишүүн
2.3.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, түүний үйл ажиллагаанд оролцож, татвараа зохих журмын дагуу төлдөг 35 хүртэлх насны иргэн, хуулийн этгээдийг жинхэнэ гишүүн гэнэ.
2.3.2. Жинхэнэ гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд идэвх зүтгэл, санаачлагатай оролцоно.
2.3.3. Жинхэнэ гишүүн нь өөрийн эрх, эрх үүргийг мэддэг, хамгаалдаг, хүлээсэн үүргээ биелүүлдэг, нийгэмд эзлэх байр сууриа зөв мэдрэн өөрийгөө хөгжүүлж, бусдад үлгэр жишээч байна.
2.3.4. Холбооны жинхэнэ гишүүний үйл ажиллагааг хамтдаа хийсэн тэмцэл, идэвхтэй оролцоо, хүрсэн бодит үр дүнгээр хэмжинэ.
2.3.5. Жинхэнэ гишүүд Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхгүйгээр оролцож болно.

2.4. Дэмжигч гишүүн.
2.4.1. Холбооны үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрээр туслалцаа үзүүлж байгаа иргэд, хуулийн этгээдийг дэмжигч гишүүн гэнэ.
2.4.2. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн хүн бүр Холбооны дэмжигч гишүүн байж болно.
2.4.3. Дэмжигч гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
2.4.4. Дэмжигч гишүүн нь татвар төлөхгүй.
2.4.5. Дэмжигч гишүүн нь сайн дураараа төсөл санаачлах үйл ажиллагаанд оролцож болно.
Гурав. Гишүүн элсүүлэх

3.1. Холбоо нь зөвлөгөө туслалцаа хүссэн хэн бүхэнд дэмжлэг үзүүлж чаддаг, хамт олныг бүрдүүлэх, үнэ цэнэтэй мэдлэгийг түгээх зэрэг хамтын ажиллагааг төлөвшүүлж чаддаг, дээрх үйл ажиллагаанд өөрөө оролцох хүсэл тэмүүлэлтэй хэнд ч нээлттэй байна.

3.2. Холбоо нь шинээр гишүүн элсүүлэхдээ тэгш эрхт байдлыг эрхэмлэх ба арьс өнгө, нас, хүйс, тахир дутуу байдал, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор нь иргэдийг ялгаварлан гадуурхахгүй.

3.3. Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн иргэн дараах бичиг баримт бүрдүүлнэ.
3.3.1. Хүсэлт гаргасан хувийн өргөдөл
3.3.2. Гишүүний анкет /Хавсралт 1/
3.3.3. 2 хувь зураг цээж зураг /3х4/

3.4. Холбоонд шинээр гишүүнээр элсэхийг хүсэгчид нь гишүүний анкетыг үнэн зөв бөглөх үүрэгтэй.

3.5. Гишүүнээр элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг Хүний нөөцийн алба судалж, Удирдах зөвлөлд танилцуулан, асуудлыг шийдвэрлэнэ.

3.6. Холбоонд шинээр элссэн гишүүнд элссэн өдрөөс үнэмлэх олгоно.

3.7. Шинээр элссэн гишүүнд хүний нөөцийн асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн Холбооны дүрэм, гишүүний эрх, үүрэг зэргийг танилцуулж судлуулна.

3.8. Холбооны гишүүний өөр байгууллагад нэгдэн орох эрх нээлттэй байна.

-оо0оо-

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны Дүрэм

Байгалийн Ухааны Салбарын Залуу
Эрдэмтдийн Холбооны 2008-09-16ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН
ХОЛБООНЫ ДҮРЭМ


Нэгдүгээр бүлэг. Ерөнхий зүйл
1. 1 дүгээр зүйл. Дүрмийн зорилго
1.1.1. Энэхүү дүрэм нь Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо /цаашид “Холбоо” гэнэ/-ны бүрэн эрх, үйл ажиллагааны чиглэл, түүний тогтолцоо, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, холбоо болон гишүүд, бусад этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
1.2 дугаар зүйл. Холбооны тухай ойлголт
1.2.1. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн холбоо нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны салбар холбоо мөн.
1.2.2. Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн холбоо нь Монгол Улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны дүрэм болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог залуу эрдэмтэн судлаач, багш, оюутан, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
1.2.3. Холбоо нь Монгол улсын хууль, тогтоомжийн хүрээнд гэрээ, хэлцэл хийх, гадаад харилцааг бие даан явуулах, залуу эрдэмтэн судлаач, холбооны гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэднийг бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй.
1.2.4. Холбооны албан ёсны нэрийг “Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо гэх ба товчлол нь БУСЗЭХ байна.
1.2.5. Холбоо нь “Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 54б. Улаанбаатар-51, Монгол улс. Хими, хими технологийн хүрээлэн I-209 тоот” гэсэн хаягтай байна.
Факс: 976-11-453133 Е-mail: sec.amys.ns@gmail.com
1.2.6. Холбооны албан ёсоор үүсгэн байгуулагдсан өдрийг 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тооцно.
1.2.7. Холбоо нь өөрийн бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, далбаа, харилцах данстай байна.
1.2.8. Холбоо нь гадаадад болон орон нутагт өөрийн салбартай байж болно.
1.2.9. Холбоо нь удирдах дээд байгууллагаа сонгох болон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шударга, ил тод, ардчилсан зарчмыг баримтлана.
1. 3 дугаар зүйл. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл
1.3.1. Холбооны эрхэм зорилго нь “Шинжлэх ухааныг бодитойгоор хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих, бэлтгэх, Монгол Улсын хөгжилд оруулах залуу эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх”-д оршино.
1.3.2. Холбоо нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
 Судлаач, эрдэмтэн залуучуудын ажлыг дэмжин, туршлага солилцуулах, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, сургалт-семинар, тэмцээн уралдааныг зохион байгуулах
 Холбооны гишүүдийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн дотоод, гадаад оронд сурч ажиллахад дэмжлэг үзүүлэх
 Үйл ажиллагааныхаа чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, хувь хүмүүстэй үндэсний болон олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, тэднээс санхүүгийн болон мэдээлэл, мэргэжлийн туслалцаа, дэмжлэг, хандив, тусламж авах
 Орон нутагт Холбооны салбаруудыг байгуулж, тэдгээрийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай үед зохих журмыг үндэслэн дэмжлэг үзүүлэх
 Шилдэг судлаач, залуу эрдэмтэн, холбооны гишүүдийн амжилт, авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн өөрийн холбооны шагналаар шагнах, төр засаг болон бусад байгууллагын шагналд нэр дэвшүүлэн тодорхойлох
 Холбооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
 Холбоог хөгжүүлэхтэй холбогдолтой төрөл бүрийн төсөл санаачлах болон дэмжин хэрэгжүүлэх
Хоёрдугаар бүлэг. Гишүүнчлэл
2. 1 дүгээр зүйл. Холбооны гишүүнчлэл
2.1.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч түүний үйл ажиллагаанд оролцож, татвараа зохих журмын дагуу төлдөг иргэн, хуулийн этгээдийг Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүн гэнэ.
2.1.2. Гишүүн нь хүндэт гишүүн, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүн гэсэн гурван ангиллын аль нэгэнд харъяалагдана.
2.1.3. Холбооны гишүүнийг Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу элсүүлнэ.
2. 2 дугаар зүйл. Гишүүний эрх
2.2.1. Холбооны удирдлагад сонгох, сонгогдох.
2.2.2. Холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал, шүүмжлэл гаргах, хариулт авах
2.2.3. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох
2.2.4. Шаардлагатай гэж үзвэл зохих үндэслэлийг Удирдах зөвлөлд гаргаж, Их хурал хуралдуулахыг шаардах
2.2.5. Шагнал урамшил хүртэх
2.2.6. Өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзах
2.2.7. Хууль, дүрэмд заасан бусад эрх
2. 3 дугаар зүйл. Гишүүний үүрэг
2.3.1. Холбооны дүрэм, журам, заавар болон хамтын шийдвэрийг дагаж мөрдөх
2.3.2. Холбооны бодлого, үйл ажиллагааг нийтэд сурталчлах, нэр хүндийг хамгаалах
2.3.3. Холбоог үйл ажиллагаагаараа болон санхүүгийн талаар дэмжих
2.3.4. Гишүүний татварыг тогтоосон журмын дагуу хугацаанд нь төлөх
2.3.5. Холбооны үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох
2.3.6. Хууль, дүрэмд заасан бусад үүргүүд
Гуравдугаар бүлэг
Холбооны бүтэц, зохион байгуулалт, удирдлага
3.1 дугаар зүйл. Зохион байгуулалтын бүтэц
3.1.1. Холбооны зохион байгуулалтын бүтэц нь Их хурал, Тэргүүн, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөл, Ажлын албадууд байна.
3.2 дүгээр зүйл. Холбооны их хурал
3.2.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал байна.
3.2.2. Ээлжит Их хурлыг жилд нэг удаа зарлан хуралдуулна.
3.2.3. Их хурлын төлөөлөгчөөр Холбооны жинхэнэ гишүүд сонгох, сонгогдох бүрэн эрхтэй.
3.2.4. Хуралд урилгаар төлөөлөгчид оролцож болно.
3.2.5. Сонгогдсон төлөөлөгчдийн дийлэнх олонхийн бүрэлдхүүнтэйгээр Холбооны их хурал хуралдаж шийдвэр гаргана. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.2.6. Холбооны Их хурлаар хэлэлцэх асуудал нь дараах хүрээнд багтана. Үүнд:
• Холбооны сонгуульт хугацаанд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс хийж гүйцэтгэсэн ажлын тайлан илтгэлийг хэлэлцэж, ээлжит зорилтыг тодорхойлох
• Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, батлах
• Холбооны Тэргүүнийг сонгох, чөлөөлөх
• Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгож, байгуулах
• Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
• Гишүүдийн татварын хэмжээг батлах
• Цаг үеийн бусад асуудлууд
3.2.7. Их хурлын дэгийг Их хурал өөрөө тогтооно.
3.2.8. Их хурал тодорхой асуудлаар бүрэн эрхээ Удирдах зөвлөлд шилжүүлж болно.
3.2.9. Их хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоол нь Хурлын дарга, Тэргүүлэгчид гарын үсэг зурснаар баталгаажна.
3.3 дугаар зүйл. Холбооны Тэргүүн
3.3.1. Тэргүүн нь бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдагч бөгөөд Холбоог албан ёсоор дотоод, гадаадад төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах болон хууль тогтоомжинд заасан бусад бүрэн эрхийг эдэлнэ.
3.3.2. Тэргүүнийг Холбооны Их хурлаар сонгох ба Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос батламжилна.
3.3.3. Холбооны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь нэг жил байх ба улиран сонгогдож болно.
3.3.4. Тэргүүн нь Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, аль нэг гишүүнд тодорхой хугацаанд, тодорхой асуудлаар Холбоог төлөөлөх эрхийг бичгээр итгэмжлэн олгож болно.
3.3.5. Тэргүүн нь Удирдах зөвлөлийн хурлыг Гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга нартай хамтран зохион байгуулах бэлтгэл ажлыг хариуцаж, хурлыг зарлан хуралдуулна.
3.3.6. Удирдах зөвлөлийн хурлыг даргалж санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана.
3.3.7. Тэргүүн нь Удирдах зөвлөлийн ажлын албадууд, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлтэй гэрээ байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.
3.3.8. Удирдах зөвлөлийн хурлын тогтоолд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
3.3.9. Тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Тэргүүнийг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
3. 4 дүгээр зүйл. Гүйцэтгэх захирал
3.4.1. Гүйцэтгэх захирлыг Холбооны Тэргүүний санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нэг жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар томилно.
3.4.2. Холбооны Тэргүүний эзгүйд түүнийг орлон ажиллана.
3.4.3. Удирдах зөвлөлийн Ажлын албадыг байгуулж ахлагчдыг томилно.
3.4.4. Холбооны нэгдсэн төлөвлөгөө болон Удирдах зөвлөлийн ажлын албадуудын үйл ажиллагааны журам, жилийн ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
3.4.5. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн, гүйцэтгэлийн үлгэр жишээ үзүүлэн ажиллана.
3.5 дугаар зүйл. Удирдах зөвлөл
3.5.1. Удирдах зөвлөл нь Холбоог бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
3.5.2. Удирдах зөвлөлийн гишүүний тоо есөөс доошгүй сондгой тоотой байна.
3.5.3. Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр нэг жилийн хугацаатай сонгогдох ба улиран сонгогдож болно.
3.5.4. Удирдах зөвлөлийн санал болгосноор шинэ гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар олонхийн саналаар батлан сонгоно.
3.5.5. Удирдах зөвлөл дараахи ажил үүргийг гүйцэтгэнэ.
 Байгууллагын зорилго зорилтуудыг тодорхойлох
 Стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх
 Байгууллагыг бодлогын манлайллаар хангах
 Гүйцэтгэх захирлыг батлах
 Тэргүүн, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дэмжин туслах
 Санхүүгийн бодлогыг боловсруулах
 Байгууллагыг олон нийт, засгийн газартай холбох
 Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах
 Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
 Холбооны гишүүдээс шаардсан хууль ёсны шаардлагуудыг хэрэгжүүлэх
3.5.6. Удирдах зөвлөлийн хурал
 Хурлын эрх хэмжээ: Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
 Хурлын төрөл: Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна. Ээлжит бус хурлыг Тэргүүн эсвэл Гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу Удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 14 хоногт нэг удаа хуралдуулна. Хурлыг хаалттай хуралдуулж болно.
 Хурлын тов ба хэлэлцэх асуудал: Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг нарийн бичгийн дарга холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос 3-5 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
 Хурлын ирц: Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
 Хурлын шийдвэр:Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч хурал даргалагч /Тэргүүн, Гүйцэтгэх захирал/ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагч /Тэргүүн, Гүйцэтгэх захирал/ эцсийн шийдвэрийг гаргана.
 Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл: Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
3.5.7. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг: Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад Тэргүүн, Гүйцэтгэх захиралд туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг Гүйцэтгэх захирал томилно. Холбооны дүрэм, удирдлагын бодлого чиглэл, удирдамж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр удирдлагыг хангаж ажиллана.
3.5.8. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа албадуудаар хэрэгжих ба гишүүд дараах албадуудад хуваагдан ажиллана.
 Хүний нөөцийн алба
 Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах алба
 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
 Бусад албад. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад албадуудыг байгуулж болно.
3.5.9. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
 Чөлөөлөх журам: Удирдах зөвлөлийн гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ Удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
 Татгалзуулах журам: Ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд удирдах идэвх сул Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүнийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
 Татгалзуулах шалтгаан: Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү шалтгаангүйгээр тасалсан, Холбооны үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.
3.6 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
3.6.1. Хяналтын зөвлөл нь Холбооны дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.
3.6.2. Хяналтын зөвлөл тэгш эрхтэй 5 гишүүнээс бүрдэх ба Холбооны их хурлаас нэг жилийн хугацаатай сонгогдоно.
3.6.3. Хяналтын зөвлөлийн гишүүн нь Удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.
3.6.4. Хяналтын зөвлөлийн гишүүн Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох, шийдвэрүүдтэй нь танилцах, дансыг шалгах, санхүүгийн холбогдолтой мэдээлэл гаргуулж авах эрхтэй.
3.6.5. Холбооны дүрэм зөрчигдсөн тухай Хяналтын зөвлөлийн аливаа шийдвэрийг бичгээр гаргана.
3.6.6. Хяналтын зөвлөл нь шийдвэрийнхээ тухай Холбооны Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавих буюу мэдэгдэл, мэдээлэл хийх эрхтэй.
Дөрөвдүгээр бүлэг. Холбооны хөрөнгө, санхүү
4.1 дүгээр зүйл. Холбооны санхүүгийн эх үүсвэр
4.1.1. Холбоо нь дараахи орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна
 Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого
 Гишүүдийн татвар
 Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого
 Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж
 Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд
 Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд
 Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр
4.1.2. Хөрөнгө зарцуулах зарчим: Холбоо нь олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
4.1.3. Ашиг үл хуваарилах: Холбоо нь Төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
4.1.4. Хувийн ашиг үл олох: Холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүдийн хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.1.5. Санхүүгийн хяналт: Холбооны санхүүгийн үйл ажиллагааг Хяналтын зөвлөл хянаж, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана.
4.1.6. Холбоо нь өөрийн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн.
4.2 дугаар зүйл. Холбооны хөрөнгө
4.2.1. Холбооны хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:
 Холбооны нэр, бэлгэдэл, тамга тэмдэг, далбаа
 Холбооны архив
 Холбооны биет болон биет бус хөрөнгө
 Өмчлөлийн бусад зүйлс
Тавдугаар бүлэг
Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
5.1 дүгээр зүйл. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
5.1.1. Өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр: Холбоо нь эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл Их Хурлын шийдвэрээр Холбоог нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
5.1.2. Үлдсэн эд хөрөнгийг үл хуваах: Холбоо нь татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
5.1.3. Үлдсэн эд хөрөнгийн зориулалт: Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
Зургаадугаар бүлэг. Бусад зүйл
6.1 дүгээр зүйл. Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
6.1.1. Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Удирдах зөвлөл боловсруулж, Удирдах зөвлөлийн хурлаар батласнаар хүчин төгөлдөр болно.
6.1.2. Нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх: Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль Зүйн Яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг Гүйцэтгэх захирал хариуцна
6.2 дугаар зүйл. Тайлан
6.2.1. Холбоо нь үйл ажиллагааныхаа тайланг хуулийн тогтоосон хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, санхүүгийн тайланг тухайн харьяаллын татварын албанд гаргаж өгнө.
6.2.2. Тухайн жилд холбоонд өгсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнахдаа тэдгээртэй байгуулсан гэрээгээр зохицуулна.
6.3 дугаар зүйл. Баталгаажуулах
6.3.1. Энэхүү Дүрэм нь Удирдах Зөвлөлөөр батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
-оо0оо-